जगन्नाथ

Зараа Муужгай хоёрын үлгэр

20140605_113246

Эртээ урьдын цагт нэгэн Зараа амьдардаг байж гэнэ. Төрөл бүрийн зараа байдаг гэлцдэг, гэвч энэ өгүүллийн гол баатар нь байдаг л нэг энгийн зараа юмсанж. Ойн зараа, цөлийн зараа, бас уулын зараа байдаг гэлцдэг л. Яг ямар зараа байсныг хэлэх бэрх, би зарааны мэргэжилтэн биш болохоор хэлж мэдэхгүй юм аа. Тэр зараа байн байн зураг зурж, ой модоор сэлгүүцэн, жимс ногоо түүж иддэг байж. Баян цатгалан амьдардаггүй ч гэсэн, сэтгэл дүүрэн магнай тэнэгэр аж төрдөг байж л. Нэгэн удаа намрын хүйтнээр зараа хатгаа авч хүндээр өвджээ.
Хатгаагаар үхэхийг алдад сайн хүмүүс түүнийг эмнэлэгт хүргэн өгч, зараа чүүчаа нэгэн юм амьд үлдэж гэнэ. Эмнэлэгт зараа зүгээр суулгүй, бусад амьтдад зориулан зураг зурж, өнгийн цаасаар гоёмсог хайчилбар хийж, баян хуур тоглож эмнэлгийн сувилагчдыг бас өвчтөнүүдийг баясгадаг байж. Сайхан сэтгэлтэй зараа байсныг хэлээд юу гэх, хажуу ойрын амьтдадаа тус хүргэж, сэтгэл санааны дэм үзүүлдэг байж гэнэ. Эдгэснийхээ дараа зараа сувилагчаар эмнэлэгт үлдэж, зургаа зурсаар, хайчилбараа хийсээр л байв.

Ийнхүү аж төрж байтал, Зараа нэгэн Муужгайтай танилцаж гэнэ. Яг ямар төрлийн муужгай байсныг хэлэх бэрх, ямар ч байсан сайн муужгай байсан нь үнэн. Торгомсог үстэй, алаг нүдтэй хөөрхөн муужгай юмсанж. Муужгай гэдэг амьтан өөрийн гэрт дуртай, ийш тийш гарсан ч, заавал эргэж ирдэг амьтан юм. Зэрлэг муур байдаг. Зэрлэг муур бол яаж ч сургаж, өөртөө дасгах гэж оролдсон ч тэр эрх чөлөөгөө өөрөө олчихдог амьтан юм. Харин гэрийн муур бол өөр. Гэрийн муур өөрийг нь тэжээж халамжилдаг хүнээ үл тоомсорлон, тэнүүлч болдог тал бий. Тийм төрлийн муурыг хогны муур гэдэг. Зарим тэнүүлч муур байдаг нь дамжиггүй, гэвч энэ өгүүллийн муужгай бол эсрэгээрээ гэрсэг, хажуу ойрын хүмүүст халамжтай Муужгай байсан гэлцдэг.

Муужгай Зараа хоёр нэг нэгэндээ сэтгэлтэй болж, хамт аж төрөхөөр шийджээ. Зараа шөнийн амьтан тул, шөнө дөлөөр зургаа зуран, хаяа нэг модон сийлбэр, хайчилбар хийж гэрээ чимдэг байв. Зараа мөн хуучин эмнэлгийн найз нартаа бас армийн андууддаа зориулан зургаа бэлэглэн, сэтгэлийг нь баярлуулах дуртай байж. Зарим зургийг нь Муужгай харамлан, гэрийнхээ хананд өлгөдөг байв. Зараа инээмсэглэн: "Үүнээс гоё зураг чамд зурж өгнө өө, хонгорхон муужгай минь" гэж өхөөрдөн Муужгайгаа эрхлүүлдэг байв.
Заримдаа Муужгай Зараа хоёр гэртээ төмстэй хуурга хийж, ганц нэг зуу татчаад, баян хуур эгшиглүүлэн, хоолой нийлүүлэн:
-Чи бидэн хоёр амрагийн тавилан заяасан билээ! дуу дуулдаг байж ээ.
Шөнөөр муужгай унтаж, харин Зараа гал тогооны өрөөнд чимээгүйхэн сүүтэй цайгаа уунгаа зургаа зуран амар тайван суудаг байв.

Муужгай шөнөөр нүдээ жимийлгэн, хаяа нэг сэрж Зарааг чагнахад, Зараа амандаа дуу бувтнан зураг хайчилбараа хийхийг сонсоод, тайвшран эргээд унтдаг байв. Муужгайн найзууд нь харин гайхдаг байв. Бүр Муужгайд хэлдэг байв:
-Чи яагаад энэ нэг хоосон толгойтой хамт байна уу? гэж. -Энэ Зараа чинь мөрөөдөж зураг зурахаас өөр сонирхолгүй амьтан юм байна шүү дээ. Чи сайхан болж төрснөө ашиглаад, мөнгөтэй амьтан олоод суугаач? гэж ятгадаг байв. Гэвч Муужгай найз нарынхаа хэлэх үгийг тоолгүй, тэр хоёр хэсэг сайхан амьдарч байв. Зараа ч Муужгайн найз нарынх нь яриаг нь тоож анзаарах биш, сонсох биш. Муужгайдаа итгэдэг байсан болоод тэр байх.

Нэгэн өглөө Муужгай сэрээд, толинд хартал нэг ширхэг буурал үстэй болсноо анзаарав. "Ингээд амьдрал өнгөрч байгаа юм байхдаа?" гэж түгшүүртэй нь аргаггуй бодол төрөв. Муужгай өөрийгөө толинд харав. Үнэхээр царайлаг төрсөн, сайхан амьтан. Том торгомсог нүдтэй, зөөлөн торгон үстэй, сайхан гунхалзсан алхаатай. Харин Зараа ямар билээ. Зараа үсэрхэг, намхан, дээрээс нь бас майга. Ажилсаг ч гэсэн бөөн мөрөөдөл. Мөрөөдлөөр нь ямар гэдэс цадах биш. Ер нь хэлэхэд, Муур Зараанаасаа залхаж гэнэ. Нэгэн сайхан өдөр Муужгай Зараагаа дагуулан хуучин эмнэлэгт нь хүргэж, "Энд хүлээж байгаарай, би ажлаар хол явах боллоо" гэж захин, одож гэнэ. Зараа ч онцын юм бодсонгүй, эмнэлэгтээ ажилсан шигээ Муужгайгаа хүлээж байв. Орой гэртээ очтол, гэр нь хов хоосон байв. Зараа унтчихаад, ажилдаа яваад, маргааш нь гэртээ иртэл, гэрийнх нь цоож нь солигдож, үүдэнд нь шуудайд хийсэн Зараагийн бийр багс, будаг, хэдэн ноорхой хувцасных нь баглаас хэвтэж байв. Зараа гуниглаж, шуудайгаа үүрэн, харсан зүгтээ алхав. Орох оронгүй болсон золбин Зараа эмнэлэгтээ очиж, болсон явдлаа эмнэлгийн ерөнхий эмчид хэлэхэд, ерөнхий эмч Зарааг өрөвдөж, Зарааг сувилагчийн хажуугаар шөнийн манаачаар ажилд авч гэнэ.
Ийнхүү өдөр шөнө солигдсоор, зун өвлөөр солигдож, он жил өнгөрсөөр л байв. Гэвч Зараа хайрт Муужгайгаа ер мартаж чадахгүй, үргэлж хүлээн харж суудаг байв. Сувилагч нар эхний хэдэн сар Зарааг өрөвдөн, "Чи Муужгайгаа март аа, тэр чинь эргэж ирэхгүй! Амьдралаа бод" гэж ятгадаг байсан боловч, Зараа итгэж ядан: "Тэр минь над дээр заавал эргэж ирнэ!" гэж, сувилагч нарын үгийг инээд ханиад болгож, Муужгайгаа өнөөдөр эсвэл маргааш ирнэ гэдэг бат итгэлтэй хариулдаг байв. Гэвч хэдэн жилийн дараа Зараа сувилагч эмэгтэйчүүдийн хэлснийг ухаарч гэнэ. Тэр цагаас хойш ер зураг зуралтгүй, баян хуураа ч эгшиглүүлээгүй, хаяа нэг эмнэлгийн гадаа нэг шүүрдчихээд, цонхоор ширтэн суудаг болов.

Харин Муужгай тэр хооронд юу болсон бэ? гэж сониуч уншигч маань асууна байх л даа. Энэхүү зүй ёсны асуултад товч ба тодорхой хариулъя: Муужгай өөр шигээ сайхан төрсөн, өөрт нь тохирсон амьтан олох хэрэгтэй гэдгээ ухаарсан тул, өмхий хүрэнтэй амьдралаа нийлүүлж гэнэ. Өмхий хүрэн инээмтгий, бас сэргэлэн амьтан байв. Өөртөө маш итгэлтэй, өөрийн хийсэн бүтээснээ бас олсон мөнгө төгрөгөөрөө гайхуулах их дуртай байв. Гэвч он жил өнгөрсөөр, өмхий хүрэн хийсэн бүтээсэн зүйлгүй, инээж бардсан хэвээр Муужгайн гэрт хэвтсээр л байв. Удалгүй өмхий хүрэн Муужгайн цалин хоёуланг нь тэжээх боломжгүй байгааг хараад, Муужгайг орхиж явсан гэдэг. Удалгүй зурагт радиогоор Өмхий Хүрэн шөнөөр гэмгүй явсан Тахиаг алж идсэн хэргээр эрэн сурвалжлагдаж эхлэв. Хэдэн жилийн дараа Өмхий Хүрэн шоронгоос суллагдаж, сонгуулиар УИХ-д нэр дэвшсэн гэдэг. Харин Муужгай хэсэг хугацаа ганцаараа амьдарч, Зараатай хамт байсан сайхан үе мөчөө дурсан санав. "Эргээд ирээч гэж гуйх уу?" гэж Муужгай боддог байв. "Ичих нүүргүй юм шиг, гэмгүй амьтанг гомдоочхоод..." гэж Муужгай өөрийгөө зэмлэн, эмнэлгийн хавиар эргэлдэн Зараатай тааралдана гэж найддаг байв.

Гэвч Зараа эмнэлгийнхээ хавиар ер харагдаагүй байв. Учир нь Муужгайг бодож байх тэр хооронд, өвлөөр гутал муутай явсан Зараа дахин уушгины хатгаа авч мэс засалд орсны дараа эрүүл мэндийнх нь байдал өдрөөс өдөрт улам бүр дордож, сэхээнд л хэвтдэг болов. Сэхээн амьдруулах тасагт хажууд нь элэгний циррозтой бяцxан Гөлөг эмчлүүлдэг байв. Ээж нь хүүдээ хоол унд авчрахдаа Зараатай танилцав. Энэ хоёр тэс өөр амьтад байсан хэрнээ, нэг нэгнээ маш сайн ойлгодог байв. Нохой мөн адил маш хүнд зам туулсан, амьдралын нухчаанд нүдлүүлсэн өрөвдөлтэй амьтан байж. Ганц бие хэдэн бэлтрэгээ тэжээх гэж өдөр шөнөгүй харуул хийж эзнээс ганц зүсэм талх горьдон, хэлээ унжуулан хог ухдаг ч тохиолдол гардаг байв. Олон сайхан үрээс үлдсэн нь Гөлөг байв, бусдыг нь Эзэн нь төөрүүлж, айлын барлаг болгосон юм. Энэ учраас энэ Гөлөгтэйгөө аль л болгон их цаг өнгөрүүлэхийг хичээдэг байв.
-Хөөрхий үр минь! гэж Нохой хүүгийнхээ хөлөрсөн духыг нь үнэрлэн долоож, үзсэн харснаа Зараад ярьж өгдөг байв. Зараа ч бас Нохойд өөрийн болсон болгоноосоо ярьж, Нохой Зараа хоёр сайн найзууд болж. Нэгэн удаа Нохой Муужгайг эмнэлгийн хажууд гунхалзаж байхыг хараад, Зараад:
-Чиний Муужгай мөн шигээ. Чамтай л уулзах гээд л байх шиг байна даа... Би очоод нэг яриад үзэх үү? Та хоёр хэл амаа ололцоно байгаа? гэж хэлэв. Зараа хариуд нь:
-Зөндөө л харж хүлээсэн дээ... Одоо хожимдсон, уулзах ямар ч хэрэг байхгүй гэж хэлээд буруу харан унтав. Нохой харин зөөлөн сэтгэлтэй амьтан тул, дараагийн өдөрт нь Муужгайтай тааралдахдаа мэндэлж, Зарааг хүнд өвчтэй байхын сураг дуулгав. Муужгай сандарч, эргэлтийн хоол унд, жимс ногоо бэлдэж, Нохойд дамжуулав.
-Та өөрөө дамжуулбал яасан юм бэ? гэж Нохой асуухад, Муужгай санаа зовж ичиж байгаагаа ний нуугүй хэлэв.
-Би чинь түүнийг хог шиг хаясан шүү дээ...
Нохой илүү үг дуугаралгүй, Зараад эргэлтийнх нь хоолыг нь дамжуулж, гайхсан Зараад:
-Чи түүнийг уучлах цаг болсон юм биш үү? Алийг нь тэр гэх вэ, чамайг бодож их сэтгэл гаргаж байна шүү дээ? гэж хэлэхэд, Зараа Муужгайн бэлгийг авахаас эрс татгалзав. Нохой Зарааг өрөвдөн, хоншоороороо жүржийг Зараад ойртуулахад:
-Дэндүү хожимдсон... гэж Зараа хариулав. -Яагаад намайг тэр зовооно бэ. Яах гэж?

Нэгэн Нохой Муужгай дээр очин:
-Та Зараа дээр өөрөө очиж, та хоёр учраа олно байгаа? гэж хэлэв.
-Миний бэлэгнээс амссан болов уу? Муужгай сэтгэл нь догдолж асуув.
-Амссан гэж Нохой хэлэв.
Үүнд урамшсан Муужгай хамаг зоригоороо Зарааны тасагт нь очиж, орных нь дэргэд суув. Тэр хоёр маш удаан дуугүй суув. Эргэлтийн цаг дуусаж, сувилагч нар эргэлтийн хүмүүсийг хөөж эхлэхэд, Муужгай Зараа хоёрыг харсан даруй Муужгайг л хөөхөө болив.
-Би чамайг маш удаан харж хүлээсэн, гэж Зараа ам нээв. Муужгай харин хэлэх үггүй, нулимс дуслуулан сууж байв.
-Над дээрээ эргээд ирээч, чамаас гуйя! Хуучин шигээ сайхан амьдарч болохгүй гэж үү? гэж үүр цайхын алдад Муужгай хэлэхэд , Зараа Муужгайг хэсэг харснаа:
-Үгүй ээ, тэр цаг бол өнгөрсөн шүү дээ. Хуучин шигээ бид яаж ч байж чадахгүй.

Муужгай дараагийн өдрөөс эхлүүлэн гэрээ цэвэрлэн, өдөр бүр Зараагийн дуртай төмстэй хуургыг нь хийж Зараагаа эмнэлэгт нь эргэж, горьдон хүлээдэг болов. Гэвч Зараа Муужгай дээрээ эргэж ирээгүй. Нэгэн өдөр Муужгай Зараагаа эмнэлэгт нь эргэтэл, Зараагийн ор нь хоосон байв. Зараа хамаг эд хогшлоо орхин, дулаан хувцсаа л өмсөж явсан байв. Сувилагч нар:
-Гэртээ харина гэж хэлээд явсан гэж Муужгайд хэлэхэд, Муужгай гэрийнхээ зүг хар хурдаараа гүйж очиход, гэрийнх нь үүдэнд хэн ч байхгүй байв. Муужгай дахин гэрээ цэвэрлэж, Зараагийнхаа дуртай төмстэй хуурга хийж, цонхоор ширтэн хүлээв. Ийнхүү хэдэн долоо хоног өнгөрөв. Зараа харин тэр хооронд өдөр шөнөжин архи ууж, согтуудаа өвлийн хүйтэн шөнөөр хөлдөж үхсэн байв. Харин Муужгай хэдэн сарын дараа нэг хачин амьтантай амьдардаг болсон гэдэг.

Үлгэрийн нэг өөр төгсгөл байдаг. Тэр төгсгөлд нь Зараа онгоцны билет худалдан авч, төрсөн ой мод уруугаа явж хөдөө амар тайван амьдардаг болсон гэдэг. Гэвч энэ үлгэрт итгэх арга байхгүй, үлгэрт итгэдэг тэнэг хүн гэж хаа байлаа?

Төгсөв.


17:49 - 2014-06-05 - Сэтгэгдэл бичих

Энэ зараа хөөрхий гэхдээ бас нөгөө муужгаа ч хөөрхий ер нь тэр өмхий хүрэн хөөрхий нөгөө гөлөг нохой хоёр ч хөөрхий. Ингээд бодоод байхад хүн ухаан суух тусам уучлах зориг төрдөг болдог байх. Уучлал гэх энэ үг... Энэ амьдралаа яаж эхлүүлж өрнүүлж төгсгөхийг зөвхөн зохиолч л шийднэ. Харин зохиолч нь та юу? Эсвэл та зүгээр л хөөрхий дүр үү??? Монгол хүний саруул ухаанд л итгэнэ...

Dragon (зочин) - 00:35 - 2016-03-23

Зарим зараа нар нэг гомдсон бол, бүрмөсөн гомддог гэж дуулсан юм байна. Бас дэндүү мэдрэмтгий ч юм уу, бүү мэд ээ. Чийдэнгийн гэрэл шиг нэг шатахаараа бүрмөсөн шатдаг юм шиг байгаам. Тэгээд уучлахын тулд цаг хугацаа дэндүү явчихсан болов уу.

AmonRa - 18:29 - 2014-06-07

Бардам зан? Гутрал, бууж өгөлтийн тухай?
Яагаад уучилж, бас дахин оролдоод үзэж болоогүйм бол? Зараа...

Алмас - 15:02 - 2014-06-07

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax